Huawei ГУРВАЛСАН КАМЕРТАЙ гар утас танилцууллаа


Өчигдөр Huawei компани Парис хотод энэ жилийн жишиг загвараа танилцууллаа. Нэг жилийн өмнө тэд Huawei P10 загварыг танилцуулж байсан бол энэ удаад Huawei P20 хэмээн нэрлэжээ.

Гурвалсан камерын технологитой, мэргэжлийн камер шиг өндөр нягтралтай, гэрэл мэдрэх чадвартай төдийгүй хиймэл оюун ухаан ажиллуулж чадах чиптэй учраас P11 биш Р20 хэмээн нэрлэж, үсрэнгүй дэвшлийг нь тодотгож байгаа хэмээн компанийн Хэрэглэгчийн бизнес группийн гүйцэтгэх захирал Ричард Юү хэлсэн юм.

Үүнээс гадна илүү том хувилбар болох 6.1 инчийн дэлгэцтэй загвараа “Huawei P20 Pro” гэж нэрлэжээ. Учир нь энэ утасны үндсэн камер нь нийт 68 мегапикселтэй тэнцэх гурван камераас бүрдэх бөгөөд гэрэл мэдрэх чадвар буюу ISO нь 102400-тэй тэнцэнэ.

Энгийн жишээ дурдахад Samsung болон Apple-ийн хамгийн сүүлийн загваруудын ISO нь 6400 байдаг бол Canon 5D Mark IV загварын камерын ISO нь 102400 байдаг.

Түүнчлэн камерын ойртуулах хэмжээ нь 3Х оптик, 5Х хосолмол, 10Х дижитал аж. Ингэснээр өөр ямар ч гар утасны камераас илүү ойртуулж харах боломжтой болжээ.

Нүүрэн талын камер нь 24 мегапиксел бөгөөд зураг авсны дараа ч гэрэлтүүлгийн өнцгийг нь сольж болох аж. Өчигдөр танилцуулсан Huawei P20, P20 Pro загварууд аль аль нь үндсэн товчлууртай, нүүрэн талдаа хурууны хээ мэдрэгчтэй болжээ.

128GB багтаамжтай, 4GB RAM-тай Huawei P20 загварын хувьд 649 Еврогийн үнэтэйгээр өнөөдрөөс, Huawei P20 Pro загварын хувьд 899 Еврогийн үнэтэйгээр дөрөвдүгээр сарын 6-ны өдөр худалдаанд гарах юм байна.

.


2018-03-29 Энхболор 364 Технологи Буцах