Онолын физикчид орчлонгийн сүйрэл болох нарийн цаг хугацааг тодорхойлжээ


Орчлонгийн тухай бидний мэдэхийг хамгийн их хүсдэг зүйл нь магадгүй энэ бүхэн хэрхэн эхэлсэн, түүнээс өмнө юу байсан тухай байх. Тийм ч учраас яг эсрэг утга нь мөн ижил хэмжээгээр сонирхол татна.

Ертөнц хэрхэн өндөрлөх вэ? Зарим талаар бидний өнөөдрийн мэдэх физикийн хуулиар ирээдүйн тухай төсөөлөлтэй болж болох боловч, хэт өнгөрсөн хийгээд хэт ирээдүйн тухай тун бүрхэг ойлголттой хэвээр байна.

Тэгвэл хэсэг онолын физикчид холын ирээдүйн төлөвийг тун өвөрмөц аргаар тооцоолжээ. Тэд стандарт загварын дагуу эгэл бөөмийн мөхлийн хугацааг тодорхойлсноор ертөнцийн төгсгөлийг тооцож болно гэж үзсэн юм.

Ингээд эцсийн хариу нь: 

10,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,
000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,00
0,000,000,000 жил буюу 10139 гэж гарчээ. Энэ тоог хоёр өөр арга ашиглан үгээр илэрхийлбэл:

  1. Орчлон их хямралгүйн нигүүлсэнгүйн сэтгэшгүй жилийн дараа СҮЙРНЭ
  2. “Нэг сэтгэшгүй/1066/ жилийг нигүүлсэнгүй/1053/  жилээр үржүүлж, үр дүнг нь их хямралгүй/1020/ жилээр үржүүлсэнтэй тэнцэх жилийн дараа сүйрнэ.

Харвардын их сургуулийн эрдэмтэн Андерс Андреассен “Бид бүхий л боломжоороо хамгийн нарийн тоог гаргах гэж хичээсэн” гэжээ.

Стандарт загвар гэдэг нь эгэл бөөмс, ертөнцийн тулгуур дөрвөн хүчний гурав болох цахилгаан соронзон, хүчтэй, сул хүчнүүд болон хигсийн бозоныг багтаасан бөөмсийн хүснэгт юм. Хэдийгээр бидэнд буй хамгийн сайн онол боловч, маш олон зүйлийг зөв таамаглаж байсан хэдий ч, стандарт загварт тодорхойгүй зүйлс бас бий.

Эрдэм шинжилгээний өгүүлэлд бичсэнээр дээд кваркийн тодорхойгүй байдал нь хигсийн бозоны тодорхойгүй байдалтай нэгдвэл ертөнц яг одоо тогтвортой, эсвэл бүр мета-тогтвортой байдалд шилжих хязгаар дээр байгаа бөгөөд үр дүн нь тун хачирхалтай гарах аж.

Түүнчлэн хигсийн бозоны масс нь стандарт загварт дурдсан шиг хамгийн бага хэмжээндээ биш байж болох юм. Энергийн түвшин нь тогтвортой хэдий ч бүрэн тогтворжоогүй, ямар нэгэн квант механизмаас болж одоо байгаагаасаа ч бага энергийн түвшинд хүрэх боломжтой аж. Хэрэв тийм бол бидний мэдэхээс ч хөнгөн хигсийн бозон байдаг байж болох бөгөөд гамшиг дагуулна.

Хигсийн бозон бусад бөөмсийн массыг бүрдүүлж байдаг учраас масс нь багассанаар бүх зүйлс эмх замбараагүй болох аж. Энэ эмх замбараагүй байдлаас болж гэрлийн хурдаар урагшлах эсрэг энергийн бөмбөлөг үүсэж, замдаа таарсан бүхнийг үгүй хийнэ.

Гэхдээ энэ таамаглал биелэх магадлал хэд вэ? Судалгааны багийн эрдэмтэд ч хариултыг нь мэдэхгүй бөгөөд стандарт загварт татах хүч, харанхуй энергийг багтаагаагүй учир энэ хоёр ертөнцийг илүү тогтвортой эсвэл бүр тогтворгүй ч болгож болох юм.

Түүнчлэн ертөнцийн хязгаар байдаг эсэхээс бас их зүйл шалтгаална. Гэхдээ бидний мэдэхгүй зүйл маш их байхын хэрээр суралцаж, ойлгох зүйлс мөн тэр хэмжээгээр бий учраас суралцаж дуусах хүртэл хэдий хугацаа байгаа тухай бүдэг бадаг ойлголтыг дээрх таамгаас харж болно.

Эх сурвалж: IFLScience

 

.


2018-04-06 Жаргалсайхан 478 Технологи Буцах